Таны компьютер гадны халдлагад өртсөн ч та түүнийг нь мэдээгүй явж байгаа юм биш биз. Зарим үед гацаж удааширч юу ч хийж болохооргүй төвөгтэй байдал үүсч байна уу. Магадгүй өчигдөр орой шөнөжин сууж хийсэн зүйл чинь өглөө ажилдаа ирэхэд огт юу ч хийгээгүй юм шиг алга болж эсвэл файлаа нээх гэхээр болохгүй тохиолдолд та өртөж байв уу. Тийм бол компьютер чинь вирусын халдлагад өртсөн байх өндөр магадлалтай. Компьютер вирустэхэд ямар байдал үүсдэг талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн бол энэ удаа дээр дурдсан халдлагын талаар товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо.
1. Таны файл үгүй болно
Мэргэжлийн холбогдолтой хавтас, файл, зураг гээд бүх зүйлс чинь нэг л өдөр алга болсон байвал энэ бол халдлагын хамгийн энгийн төрөл таныг тойрсонгүй гэж хэлж болно. Файл хулгайлах үйлдлийг хортой програм бичигчид зориудаар хэн нэгэнд нөлөөлөх гэж бүтээдэг учраас тэрхүү бүтээл нь зорилгоо заавал биелүүлдэг.
2. Нээгдэхгүй болно
Өчигдөр компьютер дээрээ хийсэн барилгын зураг, кино зохиол, гэрийн даалгавар гэх мэт зүйлс чинь өнөөдөр гэнэт нээгдэхгүй болсон бол та encrypted төрлийн буюу файлыг шифрлэж түгжих зориулалттай халдлагад өртсөн байна гэсэн үг. Энэ нилээд төвөгтэй халдлагын төрөлд тооцогддог бөгөөд компьютерт чинь маш хурдан тархаж файлуудыг түгжээд мөнгө нэхдэг арга зальтай халдлага. Хэрэв таны компьютерт үнэхээр дахин хаана ч давхардаагүй чухал файл байгаа бол та сэргээн авахын тулд халдагч этгээдэд мөнгө төлж эдийн засгаараа хохирох ёстой болдог. Гэхдээ мөнгө төлөх нь тийм ч найдвартай арга биш. Учир нь мөнгө эхэлж авсан ч таны файлыг сэргээхгүй байх тохиолдолд байдаг тул энэ аргыг сонгохоосоо өмнө тэр файлууд үнэхээр надад чухал бил үү гэж сайн бодоорой.
3. Систем чинь ажиллахгүй
Ихэвчлэн хэд хэд давхаргын сүлжээ ашигладаг томоохон ААН, корпориацудад тохиолддог нийтлэг халдлагын төрөл юм. Яг ид ажлын ачааллын үеэр танай хэлтсийн эсвэл оффис дэх бүх компьютерийн үйлдлийн системийн ажиллагаа нэгэн зэрэг тасалддаг. Энэ нь нэг талаараа танай байгууллагад зориудаар халдаж буй хэн нэгэн захиалагч этгээдийн санаатай үйлдэл болж таардаг учраас цаанаа давхар санаа агуулсан байх нь дамжиггүй. Ихэвчлэн өрсөлдөгч компаниуд нөгөөгийнхөө чухал материалыг хулгайлсан тохиолдлууд их байдгийг анхаараарай.
4. Банкин дахь мөнгөө алдана
Компьютерээ ашиглаж интернет банкны гүйлгээ хийдэг бол нууц үгээ алдах өндөр магадлалтай. Халдагч этгээдүүд ихэвчлэн яг бодит цагийн хандалт буюу интернет банкны гүйлгээ хийж байх үед эсвэл вэб хөтчид хадгалагдсан таны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авахыг зорьдог. Тийм учраас аль болох хамгаалалттай компьютерээс банкны сайтандаа нэвтэрч байх нь сайн дадал болно.
5. Нууц материалууд чинь ил болно
Энэ хамгийн түгээмэл аргын нэг бөгөөд халдагч этгээдүүд файлыг хулгайлах үйлдлээ гүйцэтгэсний дараагаар таны чухал материалуудыг нийтэд ил болгон тарааж эхэлдэг. Ихэвчлэн олны танил алдартай хүмүүс мөн компаний удирдлага, санхүүгийн компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн ангиллын файлуудыг халдагч этгээд хортой програмчлал вирусын аргаар хуулбарлан авах нь олон тохиолддог.
Эдгээр халдлагууд нь бүгд компьютерийн вирусээр дамжиж гүйцэтгэгддэг тул албан байгууллага, хувь хэрэглэгч хэн ч бай хамгийн 1рт хэрэгжүүлэх арга бол вирусны хамгаалалтыг хэрэглэж сурах юм. Вирусны хамгаалалт нь таны компьютерийг эрсдлээс шууд хамгаалж аливаа гадны халдлагаас урьдчилсан сэргийлэх найдвартай түшиг тулгуур чинь болдог. Үнэхээр сайн програмыг албан ёсны лицензтэй нь авсан бол бүх хамгаалах үйлдлийг автоматаар гүйцэтгэж таныг ямар ч халдлагад санаа зовох зүйлгүй ажлаа гүйцэтэх боломжийг олгоно
30Sep 2019 No Comments