Интернет заавал шаардагддаг энэ вэб сайт гэж юу вэ, түүнийг хэрхэн бүтээдэг мөн хийж гүйцэтгэхэд ямар ажлын дараалал багтдаг талаар энэ удаагийн нийтлэлээр хүргье. Магадгүй та өнөөдөр биш юм аа гэхэд дараа хэзээ нэгэн цагт вэб сайттай болох хэрэг гарах юм бил үү.
..Үйл ажиллагааны дарааллыг ойлгомжтой харуулах гэж чадан ядан зурлаа 😀. Нийт 10 үе шатанд хувааж болох бөгөөд тэр бүрийг дор товчхон тайлбарлая.
1. Уулзалт. Өмнөх “вэб сайт хийх зорилгын талаар” нийтлэлээрээ уулзалт ямар чухал болохыг дэлгэрэнгүй бичсэн байгаа. Төлөвлөгөөний өмнөх уулзалт нь вэб хөгжүүлэгчийг зөв сонгож дараа дараагийн шатны ажлуудыг амжуулахад их түлхэц болох учраас энэ шатанд анхаарч ажиллаарай.
2. Төлөвлөгөө. Вэб сайтыг захиалсан мөн хөгжүүлж хийх гэж байгаа талууд энэ шатанд 50 50 %-тай оролцоно. Вэб бүтээх ажлын нийт өдөрт гүйцэтгэх ажлуудыг жижиглэн хувааж төлөвлөх бөгөөд хөгжүүлэгчийн зүгээс хийгдэх ажлуудын эерэг сөрөг талуудыг тайлбарлаж зөвшилцвөл амар байдаг. Гаргасан төлөвлөгөөгөө ажил гүйцэтгэх үндсэн гэрээний хавсралт болгож оруулвал хөгжүүлэлтийн явцад хэн хэндээ шаардлага тавин ажиллахад том хөшүүрэг болно гэдгийг ойлгоорой.
3. Хар зураг. Ажлуудаа төлөвлөсний дараа яригдах чухал зүйл бол вэб сайтын ерөнхий харагдац хэмжээ, блок, товчнуудын байршил зэргийг цаасан дээр буулгасан хар зураг юм. Зүгээр л бичгийн цаас аваад зурсан ч болох энэ ажлын шатанд захиалагчийн нөлөө их байдаг. Захиалагч л санаачилж ажил эхэлж байгаа учраас түүнд бусдаас ялгарах вэб сайтынх нь онцлог санаа заавал байх ёстой. Тэрийгээ л цаасан дээр буулгаад хөгжүүлэгчдээ ойлгуулахад хар зураг үндсэндээ бэлэн болчихно.
4. Дизайн. Үндсэн хар зургийн дагуу дизайны хувилбарууд гарна гэж ойлгоорой. Хар зургийг дизайны араг яс болгож өнгө будаг нэмснээр одоо таны вэб сайт өнгөтөөр харагдах учиртай. Хэрэв энэ шатанд маш сайн ярилцаж тохиролцоод дизайнаа баталж чадвал дараа дараагийн ажлууд нэг их асуудалгүй дуусчих онцлогтой байдаг. Гэвч дизайныг дараагийн шат үргэлжилж байхад дахин өөрчлөх санааг захиалагчаас тавьдаг учраас ажил удааширч эхэлдэг юм. Нийтлэлд харуулсан зургийн баруун талын тасархай улаанаар хүрээлсэн хэсгийг тогтож хараарай.
5. Кодчилох. Сайн хөгжүүлэгч бол яг л батлагдсан дизайныг вэб сайт болгодог. Ингэхийн тулд програмчилж код бичнэ ээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл вэб сайтын нүүрэн хэсэгт дизайн харагдаж байгаа бол арын хэсэгт код ажиллаж байдаг. Вэб сайт хөгжүүлэх үйл явцын энэ 5-р шатанд хөгжүүлэгч талын шууд оролцоо их тул тэдэнд цаг гаргаж өгөөрэй. Тайван орхи 😀 . Дээр хэлсэнчлэн дизайн өөрчлөгдөөгүй бол кодчилох бол вэб хөгжүүлэгч хүнд нэг их асуудал биш.
6. Туршилт/Тест/. Вэб сайт маань бараг бэлэн болж хөгжүүлэх ажлын явц 75%-аас дээш гарсан тохиолдолд захиалгч талын туршилт эхэлдэг. Хөгжүүлэгчтэй уулзаж вэб сайтын зарим бэлэн болсон хэсгийг өөрийн гараар ажиллуулж үзсэний дараа туршилтын үр дүнг хэлэлцэж асуудалтай зарим хэсгийг сайжруулах боломж олддог үе юм. Магадгүй яг зургийн дагуу биш арай өөрөөр хийгдсэн байж болно шүү дээ. Харахад буцаад 5-р шат руу ухарч буй мэт боловч вэб сайт хүлээн авах хугацааг хурдлуулж байгаа гэдгийг санаарай.
7. Нэвтрүүлэлт. –ийн үе шат эхлэхэд захиалагч талд зайлшгүй хэрэг болох зүйл бол Домайн хаяг + Сервер юм. Энэ хоёр зүйлийн талаар өмнөх нийтлэлээр дурдсан тул дэлгэрэнгүй тайлбар хэрэггүй биз. Харин таны вэб аль хэдийнэ бэлэн болсон учраас л серверт байршуулах гээд байгаа юм шүү дээ. Сервер бол маш олон өөр вэбүүдийг агуулж чадна. Харин тэр дундаас зөвхөн таны вэб сайтыг дуудан гаргаж ирэхэд домайн хаяг хэрэг болдог. За энэ хоёрыг бэлтгээд вэб сайтаа байршуулсан бол байгууллагынхаа хэмжээнд нэвтрүүлж алдаа гарч байгаа эсэхийг нягтална. Вэб сайт унах буюу огт ажиллагаагүй болж ч магадгүй шүү дээ. Зурагт харуулснаар тодорхой хугацааны өдөр тогтоод энэ шатыг хэрэгжүүлээрэй.
8. Хүлээлгэн өгөх. Нэгэнт нэвтрүүлэлтийн үеийг давчихсан бол одоо хөгжүүлэгч тал хийсэн ажлаа дүгнэж захиалагчид хүлээлгэн өгөх үе шат юм. Вэб сайтын бүхий л хэсэгт хийсэн ажлуудыг тайлбарлаж ажлын хөлстэй хэрхэн дүйж байгаа эсэхийг дурдаад ярьсан ч илүүддэггүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан баталгаат хугацаа энэ үеэс эхэлнэ.
9. Акт үйлдэх. Ажлаа хүлээлцэж дууссан бол талууд акт үйлдэж баримтжуулна. Тухайн актанд гүйцэтгэсэн ажлуудыг жагсаан бичиж ард талд нь хүлээн авсан захиалагч талын этгээд заавал гарын үсэг зурсан байх хэрэгтэй. Хөгжүүлэгч тал хэдий их зүйл хийсэн ч заримыг нь актанд тусгаагүй бол хийгээгүй мэт захиалагч талд харагддаг. Юмыг яаж мэдэх вэ, талууд харилцан маргаан шийдвэрлэх асуудал үүсгэх бол та бүхэнд акт л хэрэг болно гэж ойлгоорой.
10. Ажиллуул. Вэб сайтынхаа ажиллагааг шалгаж хүлээн авсан л бол цаг алдалгүй ажиллуулж эхлээрэй. Өөрийн зүгээс хөрөнгө мөнгө зарцуулж чухал ажил болгон хийлгэсэн гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Ажилуулахгүй байгаа вэб хэнд ч хэрэггүй үеэ өнгөрөөдөг. Яагаад вэ гэвэл вэб сайтыг хийсэн технологи байнга шинэчлэгдэж байдаг тул хоцрогдлын ялгаа гарна. Магадгүй та вэб сайтаа хүлээн авснаас хойш 8 сарын дараа ажиллуулъя гэхэд тухайн үеийн технологийн орчинтой нийцэж ажиллах хэрэгтэй шүү дээ. Харин цаг алдалгүй ажиллуулж эхэлснээр вэб сайт хөгждөг мөн бага багаар хандалтаа нэмдэг давуу талтай.
Эдгээр 10 үе шат бол нийтлэг хандлага юм. Ихэнхи вэб хөгжүүлэлтийн байгууллага энэ зураглалаар ажилладаг. Манайх ч мөн ялгаагүй. Харин зарим маань 10-р шатыг захиалагчиддаа хэлж ойлгуулдаггүй нь харамсалтай. Иймээс хамгийн чухал нь хөгжүүлэгч талаа зөв сонгох явдал юм шүү.
05Jul 2018Нийтэлсэн: Базар
#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing